Боловсрол, соёл, шинжлэх ухааны  сайдын

                                    2007 оны12 дугаар сарын 20-ны өдрийн  20

 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт


СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН

СУРГАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

Ерөнхий зүйл

Иргэний нийгэм дэх соёлын үнэт зүйлсийг өөрийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зориулан чөлөөтэй сонгох, эзэмшихэд шаардагдах цогц мэдлэг, асуудлыг мөн чанараас нь үл хамааран хүмүүнлэг, ардчилсан зарчмаар шийдвэрлэх бүтээлч чадвар, эзэмшсэн мэдлэг, чадвараа бүрэн илрүүлэн хөгжих тэгш боломжийг иргэн бүрд олгоход Монголын боловсролын эрхэм зорилго чиглэж байна.

            Энэхүү зорилго нь боловсролын бүх түвшний хүртээмжтэй, үр ашиг бүхий чанартай үйлчилгээгээр хэрэгжин, тасралтгүй үйл ажиллагааны залгамж холбоо, нэгдмэл үр дүнгээр хэмжигдэх бөгөөд бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжилд чиглэсэн боловсролын харьцангуй бие даасан, тогтвортой үйлчилгээнд суурилснаар биелэх боломжтой юм.

            Сургуулийн өмнөх боловсрол нь хүн төрөлхтөн, үндэстний соёлын нийтлэг ахуй, гэр бүлийн бичил орчноос хүүхдэд дамжин уламжлагддаг үүсмэл болон төрөлх чанарын эерэг шинжийг сургалтын орчинд дэмжин хөгжүүлэх, улмаар, мэдээлэл, харилцаа, технологийн эринд ажиллаж, амьдрах бодит чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглэгдэж буй ерөнхий боловсрол эзэмшихэд сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар хүүхдийг бэлтгэх  үйл явцын нэгдэл байна.

            Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн танин мэдэхүйн үйлийн явцад мэдлэг эзэмших, хийж сурахад чиглэсэн бие бялдрын болон оюуны хэрэгцээ, цаашилбал танин мэдэхүйн үйлийн үр дүнд бие даан орших, иргэншин нийгэмшиж сурахад чиглэсэн оюуны болон сэтгэц, мэдрэмжийн хэрэгцээг хангахад төвлөрөх сургалтын нээлттэй хөтөлбөрөөр дамжин хэрэгжинэ.

            Энэхүү хөтөлбөр нь тухайн түвшний боловсролын чанарыг хэмжих, нийлүүлэлтийн үр дүнг хөгжилд хөтлөх зориулалттай боловсролын стандартаар тогтоогдсон үр дүн, хүүхдийн хөгжлийн дээд эрэмбийн төлөвт сургалтын зорилго, агуулга, арга зүй, хугацаа, орчин, хэрэглэгдэхүүн, үнэлгээ,  хүний нөөцийн чадавхид тулгуурлан хэрхэн хүрч болохыг нээн үзүүлэх бөгөөд үндэсний болон орон нутаг, сургалтын нэгж байгууллага, багшийн хэрэгжүүлэх сургалтын бодлогын цөм хэсэг болно.

            Сургалтын нээлттэй хөтөлбөрийн мөн чанар нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн өвөрмөц хэрэгцээ, боловсрол эзэмших гэр бүл, нийгмийн орчноос хамаарах ялгаатай байдалд аль болох нийцсэн байхаас гадна сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа тухайн байгууллага өөрийн нөөц, бололцоо, орон нутгийн онцлогт тохирсон байдлаар боловсруулан хэрэгжүүлэх боломжийг давхар илэрхийлнэ.

            Сургуулийн өмнөх боловсролын сургалтыг зохион байгуулах боломжийг орон нутгийн захиргаа, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгуулага, иргэдэд олгосноор иргэний нийгмийн оролцоо, санаачилгыг нэмэгдүүлэх, боловсролд зориулагдсан төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжилд баримжаалсан үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зэрэг нь "Чанар, тэгш байдал, нийгмийн оролцоо"-ны үнэт чанарыг хүлээн зөвшөөрөхөд суурилсан цогц үйл ажиллагаа байна.

            Монголын нийгмийн соёл, иргэншлийн уламжлал, хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага, нийгэм, эдийн засаг, оюуны соёлын хүрээнд гарч буй суурь өөрчлөлтүүд нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд олон хувилбар бий болгох нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас мэдэхүй, бүтээхүй, оршин тогтнохуй, нийгэмшин иргэншихүйн цогц чадамжийг хүүхдэд эзэмшүүлэх үйл ажиллагаа нь хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтаас гадна хувилбарт сургалтаар хэрэгжинэ.

            Монгол улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, боловсролын тухай багц хууль, "Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого", "Боловсролын салбарыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх зорилтын хүрээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын бодлогыг дараах байдлаар тодорхойлж байна.

Сургалтын зорилго

            Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг нийгэм, боловсролын орчинд дасган, сургуульд бэлтгэх замаар, тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангахад оршино.

Сургалтын зарчим 

Сургуулийн өмнөх боловсролын сургалтад дор дурдсан зарчмыг баримтална. 
  • Хүүхдийн эрүүл энх өсч бойжих, асран халамжлуулах эрхийг хүндэтгэсэн байх
  • Сургалтын орчны осол аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх
  • Хүүхдийн нас, сэтгэхүйн хэрэгцээ, сонирхлыг харгалзсан, бие даан сурах хөгжих боломжийг хангасан байх
  • Танин мэдэхүйн дэвшилт үзэл онолд суурилсан, шинжлэх ухаанч байх
  • Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн ялгаатай байдалд нийцсэн байх
  • Хүүхэд бүрийн хөгжих, хамгаалагдах, өөрийгөө илэрхийлэх тэгш эрхийг хангасан байх

Сургалтын агуулга, хэлбэр

            Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалт нь бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангахад чиглэсэн, боловсролын стандартыг хэрэгжүүлэх агуулгатай байх бөгөөд хичээл болон хөгжүүлэх үйл ажиллагаанаас бүрдэнэ.

            Хичээлийг бага насны хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон хугацаагаар, бие бялдар, хэл яриа, математик сэтгэлгээг хөгжүүлэх, хөгжим, дүрслэн урлах чадвар олгох, зан суртахууныг төлөвшүүлэх чиглэлээр, үндсэн болон хувилбарт сургалтын хэлбэрээр, танхимын болон танхимын бус орчинд зохион байгуулна.

            Хөгжүүлэх үйл ажиллагааг хичээлийн явцад эзэмшсэн мэдлэг, чадварыг төлөвшүүлэх зорилгоор тоглуулах, ажиглалт, энгийн туршилт хийлгэх, байгаль-нийгмийн орчинтой харилцах, өөртөө үйлчлэхэд сургах замаар хичээлээс бусад цагт зохион байгуулна.

            Хичээл болон хөгжүүлэх үйл ажиллагааг нэгж хичээл, бүлэг сэдвийн хөтөлбөрийн хүрээнд нэгдмэл байдлаар хэрэгжүүлнэ.

            Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтыг бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хэлбэрээр зохион байгуулна.

  • Цэцэрлэгийн бага бүлгийн сургалтын агуулга нь байгаль-нийгэм, гэр бүлийн орчинд бусдын дэмжлэгтэйгээр эрүүл мэндээ хамгаалах, хооллох, хувцаслах, тоглох, хүмүүстэй зөв харилцах энгийн чадвар олгоход
  • Цэцэрлэгийн дунд бүлгийн сургалтын агуулга нь нийгэм-боловсролын орчинд хүмүүстэй харилцах, сургалтын хэрэглэгдэхүүний тусламжтайгаар өөрийгөө илэрхийлэх, өөртөө үйлчлэх дадал эзэмшүүлэхэд
  • Цэцэрлэгийн ахлах бүлгийн сургалтын агуулга нь боловсрол-сургалтын орчинд оюун ухаан, авъяас билгээ хөгжүүлэх, бие дааж болон хамтран суралцах, бусдад туслах чадвар, дадлыг хэвшүүлэхэд
  • Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сургалтын агуулга нь ерөнхий боловсролын сургуулийн орчинд мэдлэг, чадвар эзэмшихэд шаардагдах суралцахуйн чадвар, дадал, хэвшлийг төлөвшүүлэхэд тус тус чиглэнэ.

            Бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн сургалтын агуулга нь байгаль-нийгмийн орчноос үзүүлэх нөлөөг бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хэрэгцээ, чадамжид нийцүүлэн сургалтын зорилгоор хувирган хэрэгжүүлэхдээ тэдний төрөлх шинж болон нийгэм-соёлын ялгаатай байдлыг харгалзана.

            Орон нутгийн алслагдмал байдал, амьжиргааны түвшин, хөгжлийн бэрхшээл, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтад хамрагдаж чадаагүй бага насны хүүхдүүдэд зориулан нүүдлийн цэцэрлэг, ээлжийн бүлэг, явуулын багш, түр  сургалтын хэлбэрээр хувилбарт сургалт зохион байгуулна.

            Хувилбарт сургалтын агуулгыг үндсэн сургалтын агуулгаар баримжаалан холимог бүлгийн хэлбэрээр, хүүхдийн цэцэрлэгт түшиглэн хэрэгжүүлнэ.

            Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалт нь бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн түвшинд нийцээгүй, агуулгын хувьд хүндэдсэн, арга зүй нь тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй, сургалтын орчин нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй,  зөвхөн үр дүнд чиглэсэн байхаас зайлсхийнэ.

Сургалтын хугацаа

            Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн сургалтын нэг хичээлийн жилд үргэлжлэх хугацаа 34 долоо хоног байна. Сургалтын орчинд дасгах, сургалтын агуулгыг бататган эзэмшүүлэх хугацаа тус бүр 2 долоо хоног байна. Нэгж хичээлийн үргэлжлэх хугацаа бага бүлэгт 15 минут, дунд бүлэгт 20 минут, ахлах бүлэгт 25 минут, бэлтгэл бүлэгт 30 минут байна. Хувилбарт сургалтын үргэлжлэх хугацаа нэг хичээлийн жилд 280 орчим цаг байна. Нүүдлийн цэцэрлэг, ээлжийн бүлэг, явуулын багшийн сургалт, түр сургалтыг дээрх цагаар баримжаалан дагнасан болон хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Сургалтын төлөвлөгөө

            Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын төлөвлөгөөгөөр хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалт болон хувилбарт сургалтын түвшинд бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн сургалтын агуулга, түүний залгамж холбоо, хэлбэр, хичээлийн жилийн бүтэц, орчин, хичээл, хөгжүүлэх үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа, багшлах боловсон хүчний асуудлыг зохицуулна.

            Сургалтын төлөвлөгөөнд бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн сургалтын агуулга, орчин, хэрэглэгдэхүүний уялдаа холбоог тусгасан байхын зэрэгцээ үндсэн болон хувилбарт сургалт, бүлэг тус бүрийн онцлогийг харгалзан, сургалтын үйл явцыг нээлттэй агуулгын хүрээнд, өвөрмөц бүтээлч орчинд сонирхолтой арга зүйгээр удирдан зохион байгуулах бололцоог сургалтын байгууллага, багшид олгосон байна.

            Сургалтыг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, мэргэжлийн багш нарын заах аргын нэгдэл, хичээл заах багшийн түвшинд тус тус төлөвлөн, түүнд үндэслэсэн сургалтын хөтөлбөрийн хамт цэцэрлэгийн эрхлэгч баталгаажуулж хэрэгжүүлэх бөгөөд багшийн цалин хөлс тооцох үндсэн баримт бичиг хэмээн үзнэ.

Сургалтын хөтөлбөр

            Сургалтын хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсролын стандарт, тухайн цэцэрлэгийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. Сургалтын хөтөлбөр дэх зорилго, агуулга, арга зүй, үнэлгээг боловсруулахдаа сургуулийн өмнөх боловсролын стандартын үзэл баримтлал, агуулга, үнэлгээний стандартад нийцэж, арга зүйн хөгжлийн үндсийг баримтална.

            Сургалтын хөтөлбөр дэх бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэг хоорондын, үндсэн болон хувилбарт сургалтын, түүнчлэн, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн залгамж холбоо нь:

  • Боловсролын стандарт дахь агуулгын ай, мэдлэг, чадварын тогтолцоо, тэдгээрийн уялдааг анхаарч, агуулгын залгамж холбоог
  • Бага насны хүүхдээр мэдлэг бүтээлгэх аргын сонголтод анхаарч, арга зүйн залгамж холбоог
  • Судлагдахууны агуулгын багтаамж, хэрэглэгдэхүүний хийц дизайн, дүрслэлийн зохистой харьцааг анхаарч, сургалтын хэрэглэгдэхүүний залгамж холбоог
  • Бага насны хүүхдийн нийгэмд хандах хандлага, нийгмээс тэдэнд үзүүлэх хариу нөлөөллийг хүлээн авах чадамжид анхаарч, материаллаг, үйлийн, сэтгэл зүйн орчны залгамж холбоог
  • Сурахуйн үйлийн явцаар баримжаалан хүүхдэд төлөвших цогц чадамжид анхаарч үнэлгээний залгамж холбоог тус тус тодорхойлсон байна.

Сургалтын үнэлгээ

            Хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийг сургалтын явц болон эцэст хөгжлийн ахисан түвшингээр нь үнэлнэ. Сургалтын чанарын өөрийн үнэлгээг үнэлгээний стандарт үндэслэн улирал бүрийн эцэст тухайн цэцэрлэг, хөндлөнгийн үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Боловсролын газар, эрх бүхий бусад байгууллага хийнэ.

Сургалтыг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавх

            Багш бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг тасралтгүй, эрэмбэ дараатайгаар төлөвлөж:

  • Багшийн ажлын байран дээрх сургалт
  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн заах аргын нэгдлийн үйл ажиллагаа
  • Төвлөрсөн болон орон нутгийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудын хэлбэрээр зохион байгуулна.

            Эдгээр сургалтууд нь орон нутгийн мэргэжлийн байгууллагууд, багш бэлтгэх их, дээд сургууль, коллежиудын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний уялдаа, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,  Боловсролын хүрээлэнгийн нэгдсэн бодлого зохицуулалтаар хэрэгжинэ.

Сургалтын орчин

            Цэцэрлэгийн гадаад тоглоомын талбай, гал тогоо, анги танхим, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө, биеийн тамир, дуу хөгжмийн өрөө, коридор, шат, гэрэлтүүлэг, агааржуулалт зэргийг бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан, хүүхдэд ээлтэй, аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын орчны стандартад нийцүүлэн бүрдүүлсэн байна.

--------000-------

Боловсрол, соёл, шинжлэх ухааны  сайдын

                                    2007 оны12 дугаар сарын 20-ны өдрийн 

20  дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

Сургуулийн өмнөх боловсролын

сургалтын төлөвлөгөө

1.  Цэцэрлэгийн хичээл, хөгжүүлэх үйл ажиллагааны цагийн харьцаа

Хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаа

Бага

Дунд

Ахлах

Бэлтгэл

Хэл яриа

Цэцэрлэг  зохицуулна.

36 / 54

48 / 72

60 / 90

Математик

36 / 54

48 / 72

60 / 90

Биеийн тамир

36 / 54

48 / 72

60 / 90

Дүрслэх урлаг

36 / 54

48 / 72

60 / 90

Хөгжим

36 / 54

48 / 72

60 / 90

Харилцаа

36 / 54

48 / 72

60 / 90

Жилийн нийт цаг

540

720

900

Долоо хоногийн дундаж ачаалал

6/9

8/12

10/15

Өдрийн дундаж ачаалал

1.2/1.8

1.6/2.4

2/3

Тайлбар: Хичээл, хөгжүүлэх үйл ажиллагааны сургалтын цаг нь 40:60 харьцаатай байна. Хичээлийн сургалтын цагт хүүхдэд шинэ мэдлэг, чадвар эзэмшүүлэх болон түүнийг бататгах цагийг оруулан тооцсон болно.

2. Үндсэн ба хувилбарт сургалтын цагийн жилийн доод хэмжээ


Үндсэн сургалт

Хувилбарт сургалт*

Сургалт явагдах өдөр, цагийн харьцаа

Жилийн нийт цаг

Жилийн цаг

Бага

Цэцэрлэг  зохицуулна.

Дунд

180 өдөр/ 3 цаг

540 цаг


Ахлах

180 өдөр/ 4цаг

720 цаг

280 цаг

Бэлтгэл

180 өдөр/ 5цаг

900 цаг

360 цаг

Тайлбар: Хувилбарт сургалтын цаг нь танхимд болон багшаас хүүхдэд зарцуулах цагийн минимум хэмжээ болно. Үндсэн сургалтын нэг цагийг 60 минутаар  тооцно. Үндсэн сургалтын цагт хичээл заах,  хүүхдэд мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн хөгжүүлэх цагийг тооцно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Зохиогчийн эрх 2011 БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ Загварыг Туяанаа