Тоглоом-багачуулын суралцах үйл

Н.Норжхорлоо 

Тоглож байгаа хүүхдийг ажиглахад тэд ямар нэг асуудлыг сэдэж, түүндээ хариулт олж шийдвэрлэж байдаг. Тоглох үйлд баяр хөөр, уур уцаар, тэмцэл, бусадтай зохицох, хамтрах, мөн өөрөө бие даан ажиллах зэрэг хүний сэтгэл санаа, үйл хөдлөл, харилцааны бүхий л зүйлс агуулагдаж байдаг. Ийнхүү тоглоом нь зөвхөн хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлөх бус бие дааж өөрийн үйл, хөдөлгөөнөө удирдан зохицуулах, үзэж харсан, сонсож дуулсан зүйлээ дуурайн давтаж өөрийн болгох, санаа бодлоо илэрхийлэх, бусад хүүхэдтэй тоглоомоо дундаа хэрэглэхээс эхлээд харилцаж сурах гэх мэтээр тэднийг хүн болж төлөвшихөд тал талаас нь нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл тоглоом бол бага насны хүүхдийн үндсэн “ажил”, суралцах үйл.

Тэдний тоглодог тоглоомууд
Ямар нэг хүний дүр (аав, ээж, багш, эмч, худалдагч гэх мэт)-д хувилан “Айл гэр”, “Дэлгүүр”, “Манай хот айл” гэх мэт сэдэвт тоглоомоор тоглох үйл энэ насныханд түгээмэл ажиглагдана. Сэдэвт тоглоомд хүүхэд гол төлөв ямар нэг том хүний дүрийг сонгон авч, түүний ажил үйл, харилцааг дуурайн дүрсэлдэг. Сэдэвт тоглоомд ийнхүү хүүхдийн орчных нь бүх үйл явдал тусгалаа олдог учир энэхүү тоглоом нь тэдний мэдлэг, төсөөлөл өргөжихэд нэн тустай. Мөн хүүхдийн бие даасан байдал, бүтээлч сэтгэлгээ, хэл яриа, сэтгэхүй хөгжих, зан харилцаа төлөвшихөд энэхүү тоглоомын нөлөөлөл их. 
Сэдэвт тоглоом бол бүтээлч тоглоом. Өөрөөр хэлбэл, тухайн сэдвийн хүрээнд хүүхэд ямар тоглоом наадгай хэрэглэх, юуг ямар зүйлээр орлуулах, хэн нь юу болох (ямар дүрийг авах), юу гэж ярих, хамтран тоглогчидтойгоо яаж харилцах зэрэг нь тэдний мэдэлд байна. Тэдний тоглодог ийм бүтээлч тоглоомд мөн элс, ус гэх мэт байгалийн материал ашиглан тоглох тоглоом, өрж байгуулах, угсарч эвлүүлэх тоглоомууд хамрагдна.

Бага насныхан мөн хөдөлгөөнт тоглоомоор багагүй тоглодог. Үүнд уралдах, авирах, үсрэх мэтийн энгийн хөдөлгөөнт тоглоомоос гадна бидний багадаа тоглодог байсан “Чоно тарвагацах”, “Дундаа орох”-оос эхлэн өнөөгийн хүүхдүүдийн тоглодог идэвхтэй хөдөлгөөн шаарддаг, тодорхой дүрэм баримтлан тоглодог янз бүрийн тоглоомууд багтана. Ийм тоглоом нь ямар дарааллаар тоглох, ямар тохиолдолд хожигч болох, хожигдсон нь яах гээд тоглоомын бүхий л үйл явц урьдаас тогтоогдсон дүрмийн дагуу явагдана. Хөдөлгөөнт тоглоом нь хүүхдийн хөдөлгөөний чадвар, эвслийг сайжруулахад нөлөөлөхөөс гадна дагаж мөрдөх ёстой дүрмийнхээ нөлөөгөөр хүүхэд харилцааны хэм хэмжээ, дэг жаягыг ойлгох, түүнийг мөрдөж чаддаг болоход нэн тустай. Дүрэмтэй тоглоом нь мөн хүүхдийн сэдэл тэмүүлэл, үүрэг даалгаварт хандах хандлага, тэсвэр тэвчээрт нөлөөлнө. Энэ төрлийн тоглоомд янз бүрийн сургах тоглоомууд, хөлөгт тоглоомууд мөн хамрагдана.


Бусадтай харилцах хэм хэмжээнд суралцах
Багачуул ялангуяа гурван настнууд тоглоом наадгайгаа хуваалцах туршлага дутмагаас хамт тоглож байгаад муудалцан уйлаан, цохион, маргаанаар тоглоомоо дуусгах нь цөөнгүй. Гэхдээ энэ явцад хүүхэд бусадтай харьцахдаа нэгнийхээ тоглоом наадгайг булааж авч болохгүй, нэгнийгээ маажиж, цохиж болохгүй гэх мэт тодорхой хэм хэмжээ байдгийг  мэдэрч, түүнийг баримтлахад суралцсаар байна. Хүүхэд ийнхүү харилцааны тодорхой хэм хэмжээнд суралцсанаар хамтарч тоглогч "найз"-тай болох нөхцөл бүрдэнэ. Хэрэв хамтран тоглогч нь илүү туршлагатай бол түүнээс суралцах боломж бас бий.

Хүүхдэдээ хэрхэн туслах вэ?
•    Зөвхөн тоглож байх үед л тоглоомоо сольж хэрэглэхээс биш дандаа тэр хүүхэд тоглоомыг чинь авахгүй, тоглоод дууссаны дараа чи өөрөө тоглоомоо буцаагаад авна, гэртээ аваачина гэж тайлбарлаж ойлгуулах
•    Хэрэв хүүхэд тань тоглож байхдаа өөр хүүхдийн хэрэглэж байсан тоглоом наадгайг шууд булаагаад авах юм бол тэр даруйд нь уурлахгүйгээр түүнийг нь гараас нь авч буцааж өгнө. Тэгээд хүүхдэдээ хүлээж байгаад дараа нь хэрэглэхийг санал болгож болно. Мөн “Хамт тоглож болох уу?” эсвэл “Энэ тоглоомоор чинь тоглож болох уу?” гэж асуухыг зөвлөж болох юм. 
•    Хүүхэдтэй тоглож байхдаа заримдаа өөрийнхөө ээлж иртэл хүлээх ёстой, нэгнийгээ хэзээ ч цохиж, маажиж, самардаж болохгүй гэдгийг хүүхдэдээ тайлбарлаж тохирох
•    Тоглох боломжийн зай талбай, тоглоом наадгайтай байх нөхцөл бүрдүүлэх. Дөрөв, таван настнуудын зохион бодохуй нэлээд хөгжсөн байдаг. Иймд тэд бэлэн тоглоом наадгайгаас гадна байгалийн материал, багаж хэрэгсэл ашиглан тоглож чадна. Мөн өрж байгуулах, эвлүүлж угсрах, гадаа талбайн тоглоом хэрэгсэл дээр тоглох, шагайгаар тоглох, хөлөгт тоглоом, аман наадмаар тоглох зэргээр олон нэр төрлийн тоглоомоор тоглуулж болно.
•    Дүр бүтээх болон тоглоомын агуулгыг өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх. Ингэхдээ өөрийн санаа, санаачилгаа ихэвчлэн чиглүүлэх асуултаар илэрхийлнэ. Жишээлбэл, “Ээж хүүхдэдээ ямар хоол хийж өгөх гэж байна вэ?”, “Хүүхдээ хооллосны дараа унтуулах уу, эсвэл гадаа агаарт авч гарч тоглуулах юмуу?” гэх мэт.
•    Хүүхэдтэйгээ хамтран тоглох. Тэд аав ээжийгээ өөрийг нь тоож хамтран тоглоход их дуртай байх болно. Хөлөгт тоглоомоор хамт тоглох, хөдөлгөөнт тоглоомд нь оролцохдоо та хүүхдэдээ дэг, дүрэм журмыг ойлгуулах, түүнийгээ дагаж мөрдөхөд нөлөөлөх боломжтой. 
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
enhee (зочин)

ta bvhnii ajild amjilt hvsie.Tanai tsetserlegiin bvh bagsh nart mongoliin bagsh nariin 46 dahi odriin bayariin mend hvrgie. tanai tsetserlegiin saitaar byten odor ayallaa bi ch bas saittai bolmoor b.na yah we

Ariun

Энхээ танд амжилт хүсье. Цахим ертөнцөд хэн ч блог нээж ажиллулах бүрэн боломжтой. Банжиг нет, Минийх.сом,Gogo.mn зэрэг блог нээх боломжтой олон хаягууд байгаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Зохиогчийн эрх 2011 БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ Загварыг Туяанаа